Чихрийн шижин хэв шинж 2 өвчний гипергликемийн үед авах анхан шатны арга хэмжээ
Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээнд эрүүл мэндийн боловсрол олгох, жижиг болон том судасны хүндрэлийг үнэлэх, нормогликеми буюу цусан дахь глюкозыг аль болох хэвийн түвшинд барих, зүрх судасны болон бусад эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, инсулин эсвэл өөх тосны солилцооны алдагдлыг улам хүндрүүлдэг эм хэрэглэхээс зайлсхийх зэрэг арга хэмжээнүүд багтана. Эдгээр бүх эмчилгээ болон эмчилгээний зорилтот түвшинг өвчтөний нас, амьдралын хэв маяг, хавсарсан өвчин зэрэг хувь хүнээс хамаарах хүчин зүйлийг тооцоолон тохируулна. Хэдийгээр биеийн жин бууруулах мэс засал (бариатрик мэс засал), инсулины эрчимтэй эмчилгээ, жин хасах зан үйлийн эмчилгээний талаар хийсэн судалгаагаар эдгээр нь чихрийн шижинг хэдэн жилийн турш намжмал байдалд оруулдаг боловч чихрийн шижинтэй ихэнх өвчтөнүүдийн цусан дахь глюкозын түвшинг зорилтот хэмжээнд барихын тулд тасралтгүй эмчилгээ шаарддаг байна. Гипергликемийн үеийн менежмент нь инсулины үйлдлийг сайжруулах (инсулины шууд эмчилгээ эсвэл инсулины шүүрлийг дэмждэг эмүүдээр), инсулины мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, ходоод гэдэсний замын нүүрс усны нийлэгжилт, шингээлтийг бууруулах, шээсээр глюкоз ялгаралтыг нэмэгдүүлэх зэрэг аргуудыг дангаар нь болон хослуулан хэрэглэдэг. Илүүдэл жинтэй, таргалалттай эсвэл өөхөн эдийн эзлэх хувь өндөртэй, бодисын солилцооны алдагдалтай өвчтөнүүдэд биеийн жин бууруулах арга хэмжээг эмчилгээний нэг зорилт болгон авч үзэх хэрэгтэй.
Энэхүү сэдвийн хүрээнд 2-р хэлбэрийн чихрийн шижин оношлогдсон өвчтөний цусан дахь глюкозын хэмжээг зохицуулах аргуудыг авч үзнэ. Байнгын тогтвортой гипергликемийн үеийн менежмент болон бусад эмчилгээний асуудлууд, тухайлбал жижиг болон том судасны хүндрэлийг хянах, үнэлэх давтамжийг тусад нь авч үзнэ. ("Чихрийн шижин хэв шинж 2, тогтвортой гипергликемийн менежмент" ба "Чихрийн шижин өвчтэй жирэмсэн бус насанд хүрэгчдийн ерөнхий менежментийн тойм" -ыг үзнэ үү.)